Sunday, February 11, 2018

Тоосго хэрхэн худалдан авах вэ?

Тоосго гэдэг бол хамгийн энгийн, хамгийн өргөн хэрэглэгддэг барилгын материал.
Хүн бүр л тоосго гэж мэднэ. Гэхдээ та байшин барихдаа тоосгоо хэрхэн сонгож худалдан авах вэ!
Керамик болон бетон тоосгыг манайд хийж байна. Керамик тоосго маань ерөнхийдөө доорхи найрлагатай байдаг юм байна. 
  1. Цахиур буюу элс 50-60%
  2. Шаварлаг хэсэг 20%-30%
  3. Шохой                2-5% 
  4. Төмрийн оксид ≤ 7% 
  5. Магни        1% -аас бага
 Мэдээж тоосгыг хольцоо зуурч хэвлээд тоосго шатаах зууханд шатаадаг. Тэгээд түүхий эдийн хольцын чанар, шатаалт зэргээс хамааран тоосгоны чанар маань тодорхойлогдоно. Монгол улсын стандартаар тоосгонд тавигдах чанарын шаардлагуудыг тогтоосон байгаа. Та www.estandard.gov.mn гэсэн хаягаар ороод харж болно.

Байшин барихад гол хэрэг болох хэмжээтэй тоосго бол 250х120х60 мм хэмжээтэй тоосго юм. Таны байшинд 12 мм хана бол 1 метр квадрат талбайд дунджаар 55 ширхэг тоосго орно. Хэрвээ 25 хана бол 110 орчим, 36 хана бол 165 гэх мэт. Та байшиндаа орох хэмжээгээ ойролцоогоор бодсон бол худалдан авахдаа юуг анхаарах вэ?

1. Та зарагдаж байгаа тоосгоны үйлвэрлэгчийн сертификат болон лабораторын туршилт хийсэн бичиг нь байгаа эсхийг борлуулагчаас асуугаарай. Мэдээж тэд стандартын дагуу бүтээгдэхүүнээ хийжл байгаа бол заавал энэ 2 зүйл байх ёстой. Хямд байна уу үнэтэй байна уу хамаагүй. Үүгээр та тоосго нь ямар маркын , хэдэн кг даац авах чадвартай юм гэх мэт мэдээллийг авах ёстой.
2. Таны авахаар сонирхож буй тоосго маань хэлбэр хэмжээ нь нэгэн жигд гадаргуугын эвдрэл гэмтэл багатай байх хэрэгтэй.

3. Хатуулаг. Та тоосгон дээр хумсаараа зураад үз. Хэрвээ ором гарч байвал хатуулаг муу гэсэн үг.
4. 2 тоосго аваад хооронд нь зөөлөн цохиод үз. 2 тоосго хагарах ёсгүй. Мөн хоорондоо харших үед жингэсэн дуу гарч байвал сайн тоосго гэсэн үг.
5. Тоосгоны ус шингээлтийг мөн шалгаж үзэх ёстой. Хэрвээ танд цаг байгаа бол 5 ш тоосгыг хуурай үед нь жинлээд үүний дараа 24 цагийн турш усанд байлгаад мөн жинлэж, зөрүүг нь хувиар илэрхийлж гаргана. Ус шингээлт нь 20 % аас их байж болохгүй.
6. Мөн тоосгоны гадаргуугын давсжилтыг шалгадаг. 30х20 см хэмжээтэй саванд 2.5 см хүртэл ус хийгээд тоосгоо хөндлөнгөөр нь босгож усандаа хийгээд ус бүрэн ууршиж дуустал хүлээнэ. Ус бүрэн ууршсаны дараа дахин дээрх үйлдлээ давтаад хатасны даруу тоосгонд цагаан давсжилт хэр үүсэж буйг тодорхойлох юм. Хэрвээ баган зэрэг цайрсан байвал хэрэглэж болно гэсэн үг. Дундаж буюу түүнээс их цайралттай байвал хэрэглэж болохгүй гэсэн үг юм.

7. Хагалаад үзэхэд голдоо аль болох бага хэмжээний нүх сүв болон том хэмжээний чулуутай байх ёстой. Харин харласан, нүүрс маягийн хар цөм байж болно.


Бетон тоосго. Манайд мөн үйлдвэрлэгдэж байгаа. Даацын хувьд бетон тоосгоноос илүү. Мөн жингийн хувьд керамик тоосгоноос хүнд, даац илүү. Үнийн хувьд мөн үнэтэй байгаа. Хүйтэн тэсвэрлэлт илүү сайн.

Тоосгоны сонголтоо хийхдээ та дээрх зүйлсийг анхаарвал таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ мэдээж өсөх болно. 

Ямар ч барилгын материалд гарал үүслийн бичиг, үйлдвэрлэгчийн сертификат, лабораторын туршилт байдаг гэдгийг та санаж худалдан авалтаа хийгээрэй.