Sunday, October 6, 2019

Утаа юу эсвэл нүүрстөрөгчийн давхар исэл үү

Шатах процесс гэдэг нь шатах материал, хүчилтөрөгч болон өдөөгчийн тусламжтай эхэлдэг. Хүчилтөрөгч материал 2 байгаад өдөөгч нь байхгүй бол процесс хэзээ ч эхлэхгүй. Тэгэхээр энэ 3 хамт байж л сая нэг шатах процесс эхлэнэ.
Бидний дунд түгээмэл хэрэглэж байгаа түлш бол чулуун нүүрс юм. Нүүрс нь шатах материал. Органик бодис. Учир нь ногоон ургамал мод олон сая жил газар доор өндөр даралтан доор байснаар хувиралд орж нүүрс болон хувирдаг. Органик бодис гэдэг нь устөрөгч, нүүрстөрөгч 2-н нэгдэл өөр өөр нөхцөлд үүсгэсэн бодисууд юм. Органик бодис шатахад ус болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задардаг.
Яагаад утаа гардаг вэ?
Шатах материал нь өөрөө бас олон төрлийн үл шатах бодис их бага хэмжээгээр агуулж буй. Нүүрс мөн адил. Үнс үлдэнэ гэдэг нь үл шатах бодис агуулж байгаа хэрэг. Мөн тухайн шатах үедээ нүүрс маань өөрөө дутуу шатах юм бол тэр нь бас үнс болно. Утаа бол мөн л дутуу шатсан нүүрсний жижиг хэсгүүд агаарын урсгалаар яндангаар сорогдож гарч байгаа процесс. Мөн дулаан агаар дээш хөөрдөг зарчмаар яндан байхгүй байсан ч халуун учир дээш хөөрдөг.
Бид гал түлэх үед утаа дээш хөөрөөд эргээд доош газарт буудаг. Энэ байдлыг өвөл Улаанбаатарын орчны нөхцөл байдлаас харж болно.

Шатах процессын үед ялгарч буй хий болох нүүрстөрөгчийн давхар исэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл үхэлд хүргэдэг хий юм. Утаагүй түлш гэж нэрлэсэн нь агаарт дэгдэх дутуу шатсан бодисын дэгтэлтийг багасгах асуудал болохоос биш нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг арилгаж буй хэлбэр биш юм шүү дээ. Хүн тодорхой хэмжээний нүүрсхүчлийн хийг амьсгалж буцаагаад гаргадаг. Хэрвээ амьсгалж буй агаар дахь нүүрсхүчлийн хий хэмжээ зохистой түвшнээс ихсэх юм бол бие дотор тодорхой хариу үйлдлүүд эхлэх ба удаан үргэлжлэвэл тархи болон биеийн хэвийн ажиллагаа алдагдаж улмаар үхэлд хүргэнэ. Авто машинаа халаах гээд хучлагатай нь асааж орхиод өөрөө дотор нь сууж байгаад угаартаж нас барсан олон дохиолдол байдаг шүү дээ.

Иймд утаагүй түлш утаагүй зуух гэдэг нь дутуу шатсан бодисуудын хэмжээг багасгаж буй болохоос биш ялгаран гарах нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахгүй юм шүү дээ.
Хэрвээ та гал түлж үзээд өө утаа алга гээд яндангийн хаалтаа хаах ч юм уу эсвэл ямар нэг байдлаар өрөөн дэх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг нэмэгдүүлэх л юм бол угаартаж эхлэнэ гэсэн үг шүү. Тэрнээс биш утаанд угаартаж буй хэлбэр биш юм. Хэрвээ утаанд угаартдаг байсан бол өнөөдөр Улаанбаатарчууд аль хэдийн бүгд үхчихсэн байгаа.

Monday, August 12, 2019

Ханан пийшингээс яагаад татгалзах ёстой вэ?

Хашаа байшинд амьдарч буй ихэнх айлууд ханан пийшинтэй байдаг. Ханан пийшинг Оросоос бид хуулбарлан авч ашиглаж ирсэн. Ханан пийшинг Оросууд өөрсдөө бол олон зуун жил хэрэглэсэн байх өө. Гэхдээ одоо бид яагаад хэрэглэж болохгүй вэ гэдгийг хөндий

21-р зуун, технологийн дэвшил гэх мэт үгсээс болоод өнөөдөр бид нэг л их хоцрогдсон мэт л ойлгох хүмүүс байна. Гэхдээ нөгөө талдаа ханан пийшингээсээ салаад утаа тортоггүй цэвэрхэн сайхан гэрт амьдрах боломж нь харин ч илүү нээлттэй болсон юм. Ханан пийшинг ашиглахад дараах хүндрэлүүд гарна.

1. Барих явцдаа хэрхэн зөв барихыг нь мэдэхгүйн улмаас алдаа гаргаад соролт муутай хийчихвэл гал түлэх бүрт утаа саагиж гэр дүүрэн манан будан болно.
2. Ханан пийшингээс маш муухай үнэр ханхалдаг. Нүүрсний тортог хөө нь буцаж пийшиндээ хуралдаад хэрвээ цан цохиж ус гоожвол ханан пийшингээс маш хурц үнэр гарч гэрээр нэг үнэр нь шингэдэг.
3. Ашигт үйлийн коеффицент маш муу. Таны түлсэн галын дулааны ихэнх нь яндангаар сорогдоод алга болчдог юм. Мөн хананы тоосгонууд нь халах гэж маш их цаг зарцуулна. Өдөрт та хичнээн гал түлж, үнс нурамтай зууралддаг билээ.
4. Үнс, хөө утааны гол үйлдвэрлэгч. Орой болмогц яндангаар олгойдох хар, цагаан утаа бол дутуу шатсан нүүрсний бичил хэсгүүд агаарын сорох хүчний нөлөөгөөр шатаж байсан зуухны хэсгээс ханан пийшингийн сувгуудаар дамжин агаарт цацагдаж буй хэрэг.

Мэдээж огт нүүрс түлэхгүй бол бас хэцүү байдалд орно. Засгийн газар шахмал түлш Таван толгойн нүүрсээр хийж энэ жил Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхгүй гэсэн тогтоол гаргасан. Хэрвээ иргэд үүнийг идэвхитэй хэрэглэвэл агаарын бохирдол бууруулахад тодорхой дэвшил гарах юм.
Гэхдээ дан ганц түлшээ солиод утаа багасна гэж үгүй. Бидний амьдардаг ихэнх хашаа байшин маань дулааны алдагдал маш их байдаг тул тэр хэрээрээ их гал түлэхийг шаардана. Их гал түлэх тусам их утаа , их нүүрс их агаарын бохирдол бий болно.

Тэгэхээр та ханан пийшингээсээ, утаа тортог хөөтэй хар пийшингээсээ салмаар байвал жоохон өөрөөр бодоод үзээч. Яавал би гэртээ гал түлэхгүй байж болох вэ гээд нэг бодоод үзээрэй. Цахилгаан халаагуур, нам даралтын зуух, хана таазаа дулаалах, цонхоо вакум болгох гэх мэт олон шийдлүүд эцэстээ таны тав тухтай дулаан гэрт аль болох бага нүүрс түлж амьдрах боломжийг нэмэгдүүлнэ.

Нүүрс түлэхээ байна гэдэг нь өөрөө дагаад маш их эерэг зүйлсийг бий болгоно.

Нүүрс түлэхээс өөр арга алга хөлдөж үхэлтэй биш гэж ярихын оронд хэрхэн нүүрс түлэхээ болих вэ гэж бодоорой.

Wednesday, July 18, 2018

Мод тарих тухай

Та хаана ч амьдарч байгаасаа үл хамааран мод тарьж ургуулж болно. Гагцхүү танаас өдөр тутам тарьсан модондоо анхаарал хандуулж арчлахыг хүснэ. Манай аав насаараа ногоо тарьж, Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бараг 10 жилийн өмнө ногоон хэрэм төслөөр аймгийн бөмбөгөр сумын нутагт 20 га газар мод тарьж тасралтгүй 8 жил өөрийн хүч хөдөлмөрөөр уруулсан юм. Харин улсад хүлээлгэж өгөөд дараа жил нь усалгаа арчилгаа байхгүйн улмаас хатах нь хатаж, мал идэхийг нь идээд олон жилийн аавийн минь хөдөлмөр талаар болсондоо. Хятад, Пакистан гэм мэт олон оронд цөлжиж буй бүс нутагтаа мод тарьж Байгалын тогтцыг өөрчилж уур амьсгалд хүний эерэг нөлөөг бий болгож чадаж байна. Манай оронд сүүлийн хэдэн өдөр орсон бороонд Баян-Өлгий, Эрдэнэт гэх мэт хотууд үерт автлаа. Манай хот суурийн газруудын эргэн тойронд үнэндээ мод гэж зүйл байхгүй. Мод ургамалтай газар бороо их орсон ч мод ургамлын үндэс нь үер болохоос сэргийлж байдаг. Тиймдээ ч хангайд үер буугаад байдаггүй. Гол ус нь үерлэх боловч гадаргуугын хүчтэй үер болох нь бага. Тиймээс бидэнд байгалын аюулаас өөрсдийгөө хамгаалах болон байгальдаа эерэг нөлөө үзүүлэх боломж бий. Бид нар маш залхуу амьдардаг хүмүүс шүү. Ямар нэг зүйл санаачлаад хийвэл заавал үр дүн нь гардаг. МОД ТАРЬЖ ТҮҮНЭЭ АРЧИЛЦГААЯ. Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлцгээе.

Зураг дээр. Баруун гар талаас Галсан Жигжидсүрэн. Галсан Цэрэн. 10 жилийн дараа тарьсан модноос нь ургаж үлдсэн  цөөн хэдэн модны дэргэд.

Monday, July 16, 2018

Тайланд хаус

Би одоо Тайландад ажиллаж байна. Халуун орны бүс буюу тропикол зонд байрладаг орон тул энд өвөл гэж байхгүй. Хамгийн хүйтэн сар нь өвөл 10 хэм хүрнэ. Бороо их ордог тул ус зайлуулах систем нь маш сайн байх ёстой. Нар нь эгц дээрээс тусдаг тул сүүдрэвч хийх нь зайлшгүй шаардлагатай. Ихэнх үед 30 хэмээс дээш халуун учир айр кондишн байнга хэрэглэнэ. Энд хаус ямар байна вэ. Миний ажиллаж байгаа газар фермерүүд их. Rubber tree буюу байгалын резиний мод их тарьдаг. Банана, ананас, манго, лангон, коконат гэх мэт төрөл бүрийн халуун орны мод байна. Хауснууд нь сайхан загвартай тансаг байшингаас авахуулаад энгийн саравч ноорхой байшин ч байна. Манай монгол оронд бид хүйтныг тэсвэрлэх гэж байшингаа маш их дулаалах хэрэгтэй болдог. Энд бол халуунаас тусгаарлах гэж дулаан тусгаарлалт хэрэглэх хэрэгтэй болно. Мөн эйркондишн ажиллуулж гэрээ хөргөх тул цахилгааны өртөг өндөр гарна. Манайд түлшний зардал гэж гардагтай адил. Миний тэмдэглэх гол санаа бол энд барилын материалуудаа ихэнхийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Байшингийн бага дамнурууг угсармал төмөр бетоноор хийсэн байна. Баганын хөндлөн огтлол нь ердөө 250мм Х250мм байх. Дээврээ голдуу шувуун нуруун хийцтэй хийнэ. Энэ нь борооны ус зайлуулах хамгийн энгийн хийц. Шувуун нуруу нь модон болон төмөр профилоор хийсэн байх нь элбэг. Дээврийн нугалмал төмөр эсвэл керамик хавтанцраар бүрнэ. Гол санаа авах юм гэвэл ямар ч байсан ихэнх барилгын материалаа өөрсдөө хийж байгаа нь давуу тал.

Friday, March 30, 2018

Арматурын төмөр гэж юу вэ? Хэрхэн худалдан авах, хэрэглэх зөвлөмж

Бидний дунд арматурын төмөр гэхээр иржгэр гадаргуутай урт нарийн төмөр санаанд орж ирэх байх.

Арматур гэдэг нь (Rebar = Reinforcement bar ) барилгын төмөр бетон хийцэд зориулан үйлдвэрлэсэн ган бэлдэц юм. Бетон нь шахалт, даралтанд маш сайн тэсвэртэй боловч суналтанд маш тэсвэргүй. Иймд инженерүүд суналт шахалтанд маш өндөр тэсвэртэй нийлмэл материал гарган авсан нь төмөр бетон буюу дотроо арматурын төмөртэй гадуураа бетонтой хийц юм. Арматурын төмөр нь барилгын хийцэд маш том үүрэг гүйцэтгэнэ.

Тэгэхээр таны байшингын суурь, багана дам нуруу хучилт гэх мэт хийцүүдэд арматурын төмөр хэрэглэгдэнэ. Урт нь ерөнхийдөө 12м байдаг. Ангилахдаа хөндлөн огтлолын диаметрээр нь ангилна. Үүний дараагаар мөн суналтын бат бэхээр нь ангилна.

Таны барилга хэрвээ арматур ашиглах бол та төмрийн худалдааны газруудаас авна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь Японы JIS стандартыг нэвтрүүлсэн бөгөөд Монголдоо ганц гэж хэлж болох том үйлдвэр. Хятадын хямд үнэтэй арматурууд байгаа. Гэхдээ улсын үйлдвэрийн баталгаатай арматур биш л бол Хятад Орос Монгол аль нь ч байсан таны болон хайртай хүмүүсийн чинь амь насыг аюулд оруулж байна гэсэн үг юм.

Тэгхээр та төмөр бетон байшин барих гэж байгаа бол
1. Барилгын зураг төсөл хийгдсэн байх
2. Зурагт тусгагдсан арматурын ангийн дагуу худалдан авах
3. Үйлдвэрлэгчийн сертификат
4. Худалдан авсан арматураасаа дээж авч сорил шинжилгээний лабораторт шинжлүүлэх (Хэрвээ сорил шинжилгээгээр тэнцэхгүй бол таны арматур чанарын шаардлага хангахгүй байна гэсэн үг. Иймд барилгынхаа талбай руу зөөхөөсөө өмнө шинжилгээгээ хийлгэх хэрэгтэй шүү)

Арматурын төмөр 12 м урттай үйлдвэрлэгддэг. Иймд шулуунаар ачиж явхын тулд трейлэр ашиглах хэрэгтэй. Хүмүүс богино машин дээр нугалж ачих эсвэл хойш нь илүү гаргаж ачих тохиолдол их байдаг. Гэхдээ тохиромжтой арга биш шүү.

Таны барилга зай талбай багатай газар баригдаж байгаа бол манайд 4 жилийн өмнөөс арматурыг зургийн дагуу тайрч матаж бэлддэг үйлдвэрүүд хэд хэд бий болсон тул үйлчлүүлээрэй. Таны зардал мөнгийг хэмнэнэ.



Sunday, February 11, 2018

Тоосго хэрхэн худалдан авах вэ?

Тоосго гэдэг бол хамгийн энгийн, хамгийн өргөн хэрэглэгддэг барилгын материал.
Хүн бүр л тоосго гэж мэднэ. Гэхдээ та байшин барихдаа тоосгоо хэрхэн сонгож худалдан авах вэ!
Керамик болон бетон тоосгыг манайд хийж байна. Керамик тоосго маань ерөнхийдөө доорхи найрлагатай байдаг юм байна. 
  1. Цахиур буюу элс 50-60%
  2. Шаварлаг хэсэг 20%-30%
  3. Шохой                2-5% 
  4. Төмрийн оксид ≤ 7% 
  5. Магни        1% -аас бага
 Мэдээж тоосгыг хольцоо зуурч хэвлээд тоосго шатаах зууханд шатаадаг. Тэгээд түүхий эдийн хольцын чанар, шатаалт зэргээс хамааран тоосгоны чанар маань тодорхойлогдоно. Монгол улсын стандартаар тоосгонд тавигдах чанарын шаардлагуудыг тогтоосон байгаа. Та www.estandard.gov.mn гэсэн хаягаар ороод харж болно.

Байшин барихад гол хэрэг болох хэмжээтэй тоосго бол 250х120х60 мм хэмжээтэй тоосго юм. Таны байшинд 12 мм хана бол 1 метр квадрат талбайд дунджаар 55 ширхэг тоосго орно. Хэрвээ 25 хана бол 110 орчим, 36 хана бол 165 гэх мэт. Та байшиндаа орох хэмжээгээ ойролцоогоор бодсон бол худалдан авахдаа юуг анхаарах вэ?

1. Та зарагдаж байгаа тоосгоны үйлвэрлэгчийн сертификат болон лабораторын туршилт хийсэн бичиг нь байгаа эсхийг борлуулагчаас асуугаарай. Мэдээж тэд стандартын дагуу бүтээгдэхүүнээ хийжл байгаа бол заавал энэ 2 зүйл байх ёстой. Хямд байна уу үнэтэй байна уу хамаагүй. Үүгээр та тоосго нь ямар маркын , хэдэн кг даац авах чадвартай юм гэх мэт мэдээллийг авах ёстой.
2. Таны авахаар сонирхож буй тоосго маань хэлбэр хэмжээ нь нэгэн жигд гадаргуугын эвдрэл гэмтэл багатай байх хэрэгтэй.

3. Хатуулаг. Та тоосгон дээр хумсаараа зураад үз. Хэрвээ ором гарч байвал хатуулаг муу гэсэн үг.
4. 2 тоосго аваад хооронд нь зөөлөн цохиод үз. 2 тоосго хагарах ёсгүй. Мөн хоорондоо харших үед жингэсэн дуу гарч байвал сайн тоосго гэсэн үг.
5. Тоосгоны ус шингээлтийг мөн шалгаж үзэх ёстой. Хэрвээ танд цаг байгаа бол 5 ш тоосгыг хуурай үед нь жинлээд үүний дараа 24 цагийн турш усанд байлгаад мөн жинлэж, зөрүүг нь хувиар илэрхийлж гаргана. Ус шингээлт нь 20 % аас их байж болохгүй.
6. Мөн тоосгоны гадаргуугын давсжилтыг шалгадаг. 30х20 см хэмжээтэй саванд 2.5 см хүртэл ус хийгээд тоосгоо хөндлөнгөөр нь босгож усандаа хийгээд ус бүрэн ууршиж дуустал хүлээнэ. Ус бүрэн ууршсаны дараа дахин дээрх үйлдлээ давтаад хатасны даруу тоосгонд цагаан давсжилт хэр үүсэж буйг тодорхойлох юм. Хэрвээ баган зэрэг цайрсан байвал хэрэглэж болно гэсэн үг. Дундаж буюу түүнээс их цайралттай байвал хэрэглэж болохгүй гэсэн үг юм.

7. Хагалаад үзэхэд голдоо аль болох бага хэмжээний нүх сүв болон том хэмжээний чулуутай байх ёстой. Харин харласан, нүүрс маягийн хар цөм байж болно.


Бетон тоосго. Манайд мөн үйлдвэрлэгдэж байгаа. Даацын хувьд бетон тоосгоноос илүү. Мөн жингийн хувьд керамик тоосгоноос хүнд, даац илүү. Үнийн хувьд мөн үнэтэй байгаа. Хүйтэн тэсвэрлэлт илүү сайн.

Тоосгоны сонголтоо хийхдээ та дээрх зүйлсийг анхаарвал таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ мэдээж өсөх болно. 

Ямар ч барилгын материалд гарал үүслийн бичиг, үйлдвэрлэгчийн сертификат, лабораторын туршилт байдаг гэдгийг та санаж худалдан авалтаа хийгээрэй.


Monday, January 22, 2018

Барилгын суурийн төрлүүд

Байшин барилга бүрт суурь заавал байна. Манайхан хундаам гэж хэлж сурсан нь Орос үг Фундамент нь Хундаам болсон гэсэн үг. Англиар бол foundation.
Дотроо мэдээж ямар барилгад хэрэглэхээс шалтгаалан олон төрөл байна
1. Шугаман
2. Баганан
3. Шон суурь (гадсан суурь)
4. Нил суурь буюу хавтан суурь

Шугаман суурь: Барилгын даацын болон тусгаарлах ханын дагуу хананаас ирэх ачааллыг хөрсөнд дамжуулах үүрэгтэй. Төмөр бетоноор голчлон цутгаж хийнэ. Зарим тохиолдолд арматургүй хийж болно. Ханын зузаанаас хамаарч өргөн өндөр уртыг тогтооно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг суурь юм.

Баганан суурь: Баганан суурь голчлон төмөр бетон каркасан барилгад хэрэглэгдэнэ. Суурийн хэмжээ материалын орц, бетоны анги зэргийг тооцоо зураг төслөөр гаргана. Хэрвээ таны барих барилга жижиг хэмжээтэй бол баганан суурь зардал ихтэй болно.

Хаус , амины жижиг байшинд шугаман суурь их хэрэглэгдэнэ. Харин та байшингаа төмөр бетон каркастай хийх гэж байгаа бол баганан суурь төлөвлөх хэрэгтэй болно. Хэрвээ таны байшин барих газрын хөрс намгархаг, шаварлаг газар байдаг бол шон суурь хийж өгнө. 

Шон суурь:  Энэ суурийг хөрс нь өвөлдөө овойж хөлддөг, зундаа суудаг шаварлаг намгархаг газар байшин барих гэж байгаа бол сонгох хэрэгтэй. Хөрсний овойлт суултаас болж барилгад маш их эвдрэл үүсдэг. Иймээс энэхүү шон суурийг хэрэглэх болсон.

Байшин барихдаа аль суурийн төрлийг сонгох нь таны байшингын хэлбэр дүрс, загвар төсөв мөнгөн дээр үндэслэгдэн хийгдэх болно. Иймд та эхлээд заавал тооцоо судалгаа хийж мөн загвараа гаргахыг хичээгээрэй.